24°C
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛЫГ АТГ-ААС АВЛИГЫН ХЭРГЭЭР, ЦАГДААГААС ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ‼️⁉️
Ярилцлага

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛЫГ АТГ-ААС АВЛИГЫН ХЭРГЭЭР, ЦАГДААГААС ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ‼️⁉️

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛЫГ АТГ-ААС АВЛИГЫН ХЭРГЭЭР, ЦАГДААГААС ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ‼️⁉️

      Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хууль хяналтын байгууллагад ээрэгдээд удаж байгаа. Байсхийгээд л “Засаг дарга Б.Азжаргалыг шалгаж эхэллээ” гэдэг мэдээ хэвлэлийн хуудсанд хөвөрч, төд удалгүй “замхарчихдаг”. Угтаа дөрвөн жилийн өмнө буюу цар тахлын үед Засаг дарга Б.Азжаргал шиг сайн хүн Дарханд бүү хэл Улаанбаатар хотод ч байдаггүй байлаа. “Дарханы Засаг даргыг Хотын дарга Б.Сумъяабазараар сольё, тулья” дээрээ тулж байсан. Тэгвэл одоо нөхцөл байдал өөрөөр эргэжээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг АТГ-аас авлигын хэргээр, цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, хүн амины хэргийг нуун дарагдуулсан, үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгахаар болжээ.

     Дархан-Уул аймгийн иргэн П.Баяраа Засаг дарга Б.Азжаргалтай холбоотой хүн амины хэргийн маш ноцтой баримт, мэдээллийг хууль хяналтын байгууллагад өнгөрсөн найдугаар сарын сүүлчээр хүргүүлжээ. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн П.Баярын өгсөн мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул хэрэг бүртгэл нээн шалгахаар прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа гэнэ.
     Тодруулбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын эзэмшлийн 0999 ДАУ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашин 2024 оны нэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө зам тээврийн осол гаргаж, хүн дайрч, амийг нь хөнөөсөн байж болзошгүй гэнэ. Үүгээр ч зогсохгүй эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, уг хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй ажээ.

ИРГЭН П.БАЯРАА: ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛЫН АВТМАШИНААРАА ХҮН ДАЙРЧ, ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГИЙН НОТЛОХ БАРИМТЫГ АТГ-Т ХҮРГҮҮЛСЭН. ҮҮНИЙ ДАГУУ ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ХЭРЭГ НЭЭХЭЭР БОЛСОН  

Энэ талаар Дархан-Уул аймгийн иргэн П.Баяраатай холбогдож тодруулахад дараах тайлбарыг өгч байна.  
       П.Баяраа “Би сүүлийн гурван жил Дархан-Уул аймгийн удирдлагуудын авлигын хэрэгтэй тэмцэж байгаа. Би төрийн албанд 25 жил ажиллаж, аймгийн Засаг даргын орлогч, хэлтсийн даргын алба хашиж байсан. Тийм ч учраас энэ аймагт хулгай, луйвар байж болохгүй гээд тэмцээд байгаа юм. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа надад нэг ноцтой мэдээлэл ирсэн. Засаг дарга Б.Азжаргал авлигаар авсан “Ланд-200” автомашинтайгаа явж байгаад хүн дайрч хөнөөсөн, энэ хэргийг хав дарсан байж болзошгүй гэсэн. Надад мэдээлэл өгсөн гурван ч хүн байсан. Би нотлох баримт шаардаж, хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ хэлсэн. Эх сурвалж маань надад энэ осолтой холбоотой бичлэг сонсгосон. Тухайн бичлэгт эмнэлгийн цогцос хадгалах газрын ажилтнууд хоорондоо “Өчигдөр зам тээврийн осол болсон. Засаг дарга Б.Азжаргалын туслах цогцос авчирч өгсөн” гэж ярьсан байсан. Би тус бичлэгийг нь хуурцагт хуулж аваад, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УЕП-т хүргүүлсэн. Ингэхдээ “Иргэн хүнийхээ хувьд гэмт хэргийн мэдээлэл хүргүүлж байна” гээд албан бичиг хийж, нотлох баримт болон өргөдлийн хамт дугтуйнд хийгээд явуулсан. Энэ өргөдлийн дагуу хууль хяналтын байгууллагаас шалгаж, аравдугаар сарын 1-нд ЦЕГ-ын мөрдөн байцаах албанаас хариу мэдээлэл хүргүүлсэн. Б.Азжаргалтай холбоотой баримт, мэдээлэл гэмт хэргийн шинжтэй байгаа тул хэрэг бүртгэл нээн шалгахаар болсон байна лээ. Гэхдээ хэрэг бүртгэл нээх эсэхийг нь Дархан-Уул аймгийн Прокурор газар шийдэх юм байна. Гэмт хэргийн шинжтэй, асуудал байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар болсон гэсэн үг. Мөрдөгч хэлэхдээ “Эргэлзээтэй байдал үүссэн тул эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах шаардлагатай” гэсэн. Б.Азжаргал энэ есөн сар хав дарсан байна лээ. Нуун дарагдуулсан учраас хохирогчийн тухай мэдээлэл надад алга. Цагдаа, эмнэлэг, хууль хяналтын байгууллагыг “худалдаад” авчихсан байж болзошгүй. Хэрэв эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаагүй байсан бол энэ хэрэг аль эрт ил болох байсан. Ямартай ч зам тээврийн осол болсон нь үнэн. Хүн нас барсан нь үнэн. Б.Азжаргал биш, түүний эхнэр уг машиныг жолоодож яваад осол гаргасан ч байж болзошгүй. Хууль хяналтын байгууллага шалгаад тогтооно гэж итгэж байна” гэлээ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ, ИТХ-ЫН ДАРГА С.НАСАНБАТТАЙ ХОЛБООТОЙ 14 ӨРГӨДӨЛ АТГ-Т ШАЛГАГДЖЭЭ

      Дархан-Уул аймгийн иргэдээс Засаг дарга Б.Азжаргал, ИТХ-ын дарга С.Насанбаттай холбоотой 14 өргөдөл, гомдлыг АТГ-т хүргүүлжээ. Уг өргөдөл, гомдлын олонхыг нь АТГ-аас УИХ-ын сонгуулийн өмнө хэрэгсэхгүй болгосон гэнэ. Гэхдээ зарим өргөдөл, гомдол нь мөрдөн шалгах шатанд яваа аж. Тодруулбал, Б.Азжаргал, С.Насанбат нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газрын наймаа, авлига, тендертэй түүсэн байж болзошгүй хэд хэдэн ноцтой баримтыг хууль хяналтын байгууллагад хүргүүлж байсан аж.

  Засаг дарга Б.Азжаргал насаараа төрд, төсвийн цалингаар амьдарсан намтартай. Гэхдээ тэр Дархан хотын төвд хоёр давхар амины хаустай, гурван орон сууц, нэг үйлчилгээний барилгатай, Дарханы төвөөс холгүйхэн Зулзагын голын эрэг дээр зуслангийн тансаг хаустай, эхнэр нь “Ланд-200” машинтай,  100 сая төгрөгийн гурван газар, 50 сая төгрөгийн хадгаламжтай. Энэ бол хөрөнгө орлогын мэдүүлэгтэй мэдүүлсэн ил баримт. Харин ах, дүү, амраг садан, үр хүүхдийнх нь нэр дээрх хөрөнгө нь тодорхойгүй. Хамгийн ноцтой нь, төрийн байгууллагад насаараа ажилласан гэр бүлийн хөрөнгө огцом нэмэгдэж, тэрбумтан болсон нь эргэлзээтэй.

       Гэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн нь газрын холбоотой байж болзошгүй сэжим бий. Б.Азжаргал 2002 оны хавар МУБИС-ийг төгсөж, намар нь УИХ-ын гишүүны туслах болсон. Хоёр жил туслах хийгээд 2004 оны сонгуулиар Дархан хотын төв буюу Дархан сумын ИТХ-ын дарга болсон. 2008 оны сонгуулиар Дархан сумын Засаг даргын орлогч болж, 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Дархан сумын Засаг даргаар томилогдсон. 2016, 2020 оны сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дараалан сонгогдож, 2020 намар Засаг дарга болсон, дандаа өгссөн намтартай. Тэгвэл түүнийг цүнх барьсан туслахаас тамга атгасан Засаг дарга болтол дэвшүүлж, замыг нь зассан хүн нь хадам ах Б.Баттулга нь ажээ.

    Ташрамд дурдахад, Б.Азжаргалын эхнэр Батаагийн Нарантуяа нь Дархан хотын “Дархан-Өргөө” политекник коллежийн захирлаар ажилладаг. Харин Б.Нарантуяагийн төрсөн ах нь Батаагийн Баттулга гэж бий. Б.Баттулга 1994 оноос хойш Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад 2000 онд МАН-аас Дархан-Уул аймагтаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Ингээд Б.Баттулгыг УИХ-ын гишүүн болсноос хоёр жилийн дараа, 2002 онд шинэхэн хүргэн Б.Азжаргал их сургуулиа төгсөж, туслах, бие төлөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн ажээ. Өөрөөр бол, Б.Азжаргал их сургуулиа төгсөөд Төрийн ордонд хадам ахынхаа туслах болж, хоёр жилийн дараа Дархан хотын төв Дархан сумын ИТХ-ын дарга болсон хэрэг л дээ. Б.Азжаргал 2010 онд АНУ-ын Фербанксын их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан нь өнгөрсөн онд ил болсон.

Хамгийн сүүлд АТГ-т Б.Азжаргалтай холбоотой өөр нэг ноцтой баримт нь хүргэгдсэн нь 26 тэрбумын хэрэг. Тодруулбал, тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер зарлахгүйгээр 26 тэрбумын санхүүжилтийг өөрийн хамаарал бүхий этгээдийн компанид олгосон байж болзошгүй ажээ. Үүнийг хууль хяналтын байгууллага мөн л шалгаж эхэлжээ.

Б.АЗЖАРГАЛ: НАМАЙГ ЯМАР Ч ХЭРЭТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГААГҮЙ

    Бид уг асуудлаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай холбогдож тодруулахад “Одоогийн байдлаар намайг ямар нэгэн хэрэгт холбож шалгаагүй байна. АТГ болон цагдаагийн байгууллагаас намайг дуудаагүй. Зам тээврийн ослын талаар би мэдэхгүй байна. Тийм хэрэг болоогүй. Сошиалаар явж байгаа асуудлыг би мэдэх албатай юу” гэх тайлбарыг өгсөн юм.  

    Эрүүгийн хэрэг нээн шалгах санал Дархан-Уул аймгийн Прокурорын газарт аравдугаар сарын 1-нд хүргэгдсэн. Одоогийн байдлаар уг санал прокурорын түвшинд хянагдаж байгаа гэсэн үг. Ийм учраас тун удахгүй түүнийг шалгаж эхлэх бололтой.

Бид дээрх зам тээврийн хэрэгтэй холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.