Улс төр
ТӨСӨВ 2025: САЙД НАРЫН ТӨСӨВТЭЙ ТАНИЛЦ
2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. 35 их наядыг заруулж буй энэ удаагийн төсөвт сайд нарын төсөв нэмэгдсэн ч гол хөрөнгө оруулалтдаа тусгаж чадсан эсэх нь маргаан дагуулж байгаа юм. Тэгвэл бид 2025 оны төсвийн төслөөс хамгийн өндөр төсөвтэй, хамгийн бага төсөвтэй сайд нарыг онцлон хүргэж байна. Тодруулбал, ирэх онд Сангийн сайд, Боловсролын сайд нар хамгийн өндөр дүнтэй төсвийн зарцуулалтыг хийх бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Аж үйлдвэрийн сайд, Боомтын сэргэлтийн сайд нар хамгийн бага төсөвтэй байна. Угтаа бол цахим технологи хөгжиж, төрийн үйлчилгээг цахимжуулна гэх амлалт өгсөн эрх баригчид салбар яамандаа хангалтгүй төсөв суулгасан нь олны шүүмжлэлд өртөж байна. Сайд нарын төсвийг дэлгэрэнгүй задлаж үзвэл,
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 438 тэрбум 500 сая төгрөг
- Сангийн сайд Б.Жавхлан 5.7 их наяд төгрөг
- Боловсролын сайд П.Наранбаяр 4.5 их наяд
- Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 4.5 их наяд
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1.8 их наяд
- Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 1.8 их наяд
- Зам тээврийн Б.Дэлгэрсайхан 1.6 их наяд
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 833 тэрбум төгрөг
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр 822 тэрбум
- Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номин 598 тэрбум
- Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 489 тэрбум
- Шадар сайд С.Амарсайхан 412 тэрбум
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 337 тэрбум
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 315 тэрбум
- Шадар сайд Л.Гантөмөр 312 тэрбум
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 275 тэрбум
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 129 тэрбум
- Аж үйлдвэр, Эрдэс баялагийн сайд Ц.Туваан 70 тэрбум
- 20 минутын хот, үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 33 тэрбум
- Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр 24 тэрбум
- Боомтын сэргэлтийн сайд Б.Тулга 15 тэрбум төгрөгийн захиран зарцуулахаар төсөвт тусгаад байна.